en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ (ГХОХХК) ХЭРХЭН БАЙГУУЛАХ ВЭ?

Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-03-10
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ (ГХОХХК)   ХЭРХЭН БАЙГУУЛАХ ВЭ?

Нийтлэгч: Төлөөлөх партнер Б.Энхжавхлан 

Та бүхэнтэй ээлжит нийтлэлээрээ мэндчилж байна. Энэ удаа бид Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани (цаашид “ГХОХХК” гэх) үүсгэн байгуулах арга, хэлбэрийн талаар товч танилцуулна.  

Гадаадын иргэн эсхүл гадаадын компани нь Монгол улсад охин компаниа байгуулах, эсхүл Монгол улсын иргэнтэй хамтарсан компани байгуулах хэрэгцээ шаардлага байдаг. Нөгөө талаараа Монгол улсын иргэд маань гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран компани байгуулах, эсхүл дотоодын бизнестээ гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага бизнесийн орчинд түгээмэл гардаг.  

Энэхүү нийтлэлийн агуулга дараах бүтцээс бүрдэнэ.  

  1. ГХОХХК байгуулахад тавигдах шаардлага 

  2. ГХОХХК үүсгэн байгуулах үе шат 

  3. Зардал 

  4. Хугацаа 

  5. ГХОХХК байгуулах ажлыг хуулийн фирмээр гүйцэтгүүлэх нь 

Ингээд илүү дэлгэрэнгүй авч үзье. 

n/a

1.ГХОХХК-ыг байгуулахад тавигдах шаардлага 

Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1-р зүйлийн 3.1.5 дах хэсэгт  зааснаар “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж гэнэ.  

Дотоодын ХХК эсвэл шинээр байгуулагдах Аж ахуй нэгж нь ГХОХХК-ийн статусыг авахын тулд дараах нөхцөлийг хангах шаардлагатай.  

  • Нийт хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын иргэн (Монгол улсад байнга оршин суудаггүй байх) эсхүл гадаадын хуулийн этгээд эзэмших; 

  • Гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100,000 ам.доллар (түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг) байх; 

Одоогоор ажлын хэсэг байгуулагдан боловсруулагдаж, олон нийтийн санал авч буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Улсын Их Хурлаар батлагдсан тохиолдолд дээрх тодорхойлолт дараах байдлаар өөрчлөгдөнө.  

“Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд” гэж хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа ба хөрөнгийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс багагүй байх Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ.  

Иймд ГХОХХК-г байгуулахдаа тус хуулийн шинэчилсэн найруулгын төлөв байдал, хэрэгжилтийн талаар манай хуулийн фирмээс цаг тухайд нь лавлан, зөвлөгөө авахыг зөвлөж байна.  

2.ГХОХХК-ийг үүсгэн байгуулах үе шат 

ГХОХХК-ийг шинээр үүсгэн байгуулахад дараах үндсэн үе шатыг хэрэгжүүлнэ.   

а) Хуулийн этгээдийн нэрийг авах үе шат 

Үүсгэн байгуулагч эсхүл хувьцаа эзэмшигч нь компанийн оноосон нэрийг сонгож, Улсын бүртгэлийн ерөнхий газарт биечлэн эсхүл цахимаар хүсэлт гаргана. Нэр баталгаажуулахдаа "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам" (https://legalinfo.mn/mn/detail?lawId=208780&showType=1)-ын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.    

b) Баримт бичиг боловсруулах үе шат 

Энэхүү үе шатын хүрээнд ГХО ХХК-гийн үйл ажиллагааны үндсэн суурь болох эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулна. Үүнд: 

  • Үүсгэн байгуулагчдын тогтоол; 

  • Үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл; 

  • Компанийн дүрэм; 

  • Хувьцаа эзэмшигчдийн гэрээ. 

Дээрх баримт бичгүүдийг боловсруулахын тулд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар нь хувьцааны тоо болон нэгж хувьцааны үнэ, удирдлагын бүтэц, төлөөлөн удирдах зөвлөлтэй байх эсэх зэрэг шаардлагатай гол асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. 

Манай үйлчилгээ: Манай хуулийн фирм дээрх баримт бичгийн төслийг Англи эсхүл Япон хэлээр мэргэжлийн түвшинд боловсруулж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх зэрэг компани байгуулахтай холбоотой зөвлөгөөг цогцоор нь үзүүлж байна.  

c) Баримт бичиг баталгаажуулах үе шат 

Гадаад улсад үйлдэгдсэн баримт бичгийг Монгол Улсын бүртгэлийн байгууллагад хүчин төгөлдөр ашиглахын тулд тухайн улсын эрх бүхий байгууллагаар Апостиль (Apostille) гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. 

Апостиль баталгаажуулалтын хэлбэр нь улс бүрд харилцан адилгүй байна. Тухайлбал, Япон улсын хувьд: Гадаад хэргийн яамнаас тусгай зөвшөөрөл бүхий нотариат (Токио, Осака, Фүкүока зэрэг томоохон хотуудад байрладаг) баримт бичгийг гэрчилнэ. Баримт бичгийг нэг багц болгон лацдаж, хуудас бүр дээр нотариатын тамга дарагдах бөгөөд хамгийн сүүлийн хуудсанд нотариатын болон Апостиль гэрчилгээг хавсаргадаг.  

d) Баримт бичгийг орчуулах үе шат 

Гадаад хэл дээр боловсруулагдсан бүх баримт бичгийг Монгол Улсын холбогдох байгууллагад хүргүүлэхийн тулд монгол хэл рүү албан ёсны баталгаат орчуулгаар хөрвүүлэх шаардлагатай.  

Манай фирмийн үйлчилгээ: Манай хуулийн фирм нь Англи, Япон, Монгол хэлүүдийн хооронд хууль зүйн баримт бичгийг нэр томьёоны алдаагүй, агуулгын бүрэн бүтэн байдлыг хадгалах баталгаат орчуулгын үйлчилгээг үзүүлдэг.   

e) Банкны түр дансыг нээх үе шат  

ГХОХХК-гийн хөрөнгө оруулалт буюу дүрмийн санг байршуулах зорилгоор Байгууллагын нэрээр арилжааны банкинд түр данс нээлгэх шаардлагатай. Тус данс нь хөрөнгө оруулагчийн гадаад улсаас илгээх мөнгөн хөрөнгийг хүлээн авах гол суваг юм.  

✳︎Хэрэв хөрөнгө оруулалтыг мөнгөн бус хэлбэрээр буюу эд хөрөнгөөр хийх тохиолдолд банкны түр данс нээх шаардлагагүй болно. 

f) Хөрөнгө оруулах үе шат  

Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь заавал гадаад улсаас байх ёстойг анхаарна уу. Хөрөнгө оруулалтыг мөнгөн хөрөнгөөр оруулах тохиолдолд арилжааны банкны дансны тодорхойлолтоор (гадаад улсаас эх үүсвэртэй шилжүүлэг орж ирснийг, шилжүүлэгчийг, үнийн дүн зэрэг бичигдэнэ), эд хөрөнгөөр оруулах тохиодолдолд Монгол улсын хилээр эд хөрөнгийг нэвтрүүлсэн гаалийн мэдүүлгээр нотолдог.   

g) Түрээсийн гэрээ 

Улсын бүртгэлийн байгууллагад компанийг бүртгүүлэхэд хуулийн этгээдийн албан ёсны хаягийг баталгаажуулах баримт бичиг шаардлагатай. 

  • Бүрдүүлэх баримт: Түрээсийн гэрээ болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээний хуулбар. 

  • Хаягийн сонголт: Компанийг өөрийн эзэмшлийн байр, түрээсийн талбай, эсвэл гүйцэтгэх захирлын оршин суух хаяг дээр ч бүртгүүлэх боломжтой.   

h)Улсын бүртгэлийн байгууллагад материалыг өгөх үе шат  

Дээрх болон бусад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нэг цэгийн үйлчилгээ-нд хандаж бүртгүүлнэ. (Одоогийн байдлаар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс ГХОХХК-ийн бүртгэлийг хүлээн авахгүй байгаа болно). 

Үүн дээр нэмээд тамга тэмдэг захиалах, татварын албанд бүртгүүлэх, нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх, банкны түр дансыг жинхлэх зэрэг ажиллагаанууд хийгдэх бөгөөд үүнийг манай хуулийн фирмийн гадаад хэлтэй хуульч нар цогц байдлаар хийж гүйцэтгэнэ.  

3.Зардал 

ГХОХХК байгуулахад гарах хураамж, төлбөрүүд нь дараах байдалтай байна.  

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс: 3 ам доллар 

  • Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс: 3 ам доллар 

  • Улсын тэмдэгтийн хураамж: 210 ам доллар Гадаад улсад апостиль гэрчилгээ хийлгэх хураамж: (Тухайн улсаас хамаарч харилцан адилгүй) 

  • Тамга хийлгэх зардал: 18,2-23,8 ам доллар Нотариатын үйлчилгээний хураамж: 5,6-14 ам доллар 

  • Банкны дансны доод үлдэгдэл: 1,4-5,6 ам доллар орчим 

4.Хугацаа 

Дээр дурдсан бүх үе шатыг бүрэн гүйцэтгэж, компанийг албан ёсоор байгуулж дуусахад дунджаар 2-оос 4 сарын хугацаа шаардлагатай. 

Бүртгэлийн үйл явц нь Гадаад улсаас ирэх Апостиль гэрчилгээтэй материалуудын тээвэрлэлт болон бэлтгэл ажлын хурд, үүсгэн байгуулагчдын тоо болон тэдгээрийн оршин суугаа улс орны байршил, хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон бусад баримт бичгийн агуулга дээр талууд зөвшилцөх, хэлэлцээ хийх хугацаа, тухайн компанийн бүтэц болон үйл ажиллагааны чиглэлээс хамаарсан эрх зүйн нэмэлт зохицуулалтууд хүчин зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. 

Анхны ГХОХХК-г үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 15 ажлын өдрийн дотор улсын бүртгэлд хандах шаардлагатай. Энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл хүлээлгэх эрсдэлтэйг анхаарна уу.  

5.ГХОХХК байгуулах ажлыг хуулийн фирмээр гүйцэтгүүлэх нь 

ГХОХХК-ийг үүсгэн байгуулах ажил нь энгийн хялбар ажиллагаа мэт харагдавч баримт бичгийн бүтэц, агуулга, процесс ажиллагааны дараалал, мөн төрийн байгууллага болон банкны шаардлагуудад нийцүүлэх зэрэг олон сорилт, бэрхшээлүүд байдаг.  

  • Манай хуулийн фирм нь бүх төрлийн хуулийн этгээд, тэр дундаа Гадаадын хөрөнгө оруулалттай компани (ГХОХХК) байгуулах үйл явцыг хариуцан гүйцэтгэхээс гадна дараах цогц үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 

  • Хууль зүйн баталгаат орчуулга: Компани байгуулахад шаардлагатай бүх баримт бичгийг мэргэжлийн түвшинд орчуулж, баталгаажуулна. 

  • Хөрөнгө оруулалт ба Компанийн эрх зүй: Хөрөнгө оруулалтын бүтэц, хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон компанийн засаглалын асуудлаар зөвлөгөө өгөх. 

  • Хөдөлмөрийн эрх зүй: Ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын төсөл боловсруулах. 

  • Маргаан шийдвэрлэх, өмгөөлөл: Бизнесийн үйл ажиллагааны явцад үүссэн аливаа маргаанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж, шүүх болон арбитрын ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх. 

Хэрэв танд Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө шаардлагатай бол бидэнтэй доорх хаягаар холбогдоно уу. 

Утас: +976 7704-1414 

Мэйл: Contact@akp.mn