АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙГ ХЭРХЭН ТОГТООХ ВЭ?

Хүүхэд, өндөр настан, сэтгэцийн өвчтэй зэрэг иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл хязгаарлагдмал чадамжтай этгээдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоож өгдөг. Энэ талаарх журам, хуулийн зохицуулалтыг эндээс уншина уу.



Товч хариулт:


Иргэний өргөдөл, хүсэлтийн үндсэн дээр харьяа сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон тухай тогтоол гаргаж шийдвэрлэдэг.

Дараах өргөдлийн материалууд нь зөвхөн ерөнхий жагсаалт бөгөөд таны тохиолдолд холбогдуулан шаардлагатайг л бүрдүүлж очно. Мөн харяьа сум, дүүргээс шалтгаалж бүрдүүлэх материал өөр өөр байх магадлалтай тул эхлээд харьяа дүүргийн нийгмийн ажилтантай холбогдож лавлаарай.

1. Өргөдөл /Хорооны Засаг даргаар цохуулна/

2. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч болох гэж байгаа хүний цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан байх/

3. Хүүхэд болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн 1% цээж зураг

4. Төрөл садан бол төрөл садангийн тухай иргэний бүртгэлийн лавлагаа

5. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/

6. ЕБС-д суралцдаг бол хүүхдийн сургуулийн тодорхойлолт

7. Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэж хүүхдээс хүсэлт бичүүлж авна.

8. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн нас барсны гэрчилгээний хуулбар эсвэл иргэний бүртгэлийн нас барсны лавлагаа /нотариатаар батлуулсан байх/

9. Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй бол холбогдох бичиг баримтаар баталгаажуулах

10. Эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан бол бол холбогдох бичиг баримтаар баталгаажуулах

11. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэлт байгаа эсэх иргэний бүртгэлийн лавлагаа /нотариатаар батлуулсан байх/

12. Гэрлэлт цуцлалтын талаарх шүүхийн шийдвэрийн хуулбар

13. Хорооны нийгмийн ажилтантай уулзан нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх

14. Гэрээр явсан тэмдэглэл /зурагтай/

15. Нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурласан хорооны хамтарсан багын хурлын шийдвэр



Дэлгэрэнгүй хариулт:


Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн дагуу асран хамгаалаг, харгалзан дэмжигчийг тогтоох журмыг зохицуулсан байдаг.


Асран хамгаалагч гэж хэн бэ?

Дараах этгээдийг асран хамгаалах эрхтэй этгээдийг асран хамгаалагч гэнэ.

· бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;

· эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд;

· эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;

· сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн.


Харгалзан дэмжигч гэж хэн бэ?

Дараах этгээдийг асран хамгаалах эрхтэй этгээдийг харгалзан дэмжигч гэнэ.

  • насанд хүрээгүй / 14-18 хүртэлх насны / бүтэн өнчин хүүхэд

  • эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд

  • эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд;

  • согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн;

  • эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй этгээд

Дараах этгээдийг aсран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглосон байна.

· эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан,

· өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа,

· мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг,

· хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн,

· үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн хүн


Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг нь юу вэ?

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дараахь үүрэг хүлээнэ:


· асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах;

· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах;

· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;

· хүлээсэн үүргийнхээ талаар тухайн сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнах үүрэгтэй.

Энэ зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа /бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэйгээс бусад/ хүний саналыг харгалзана.


Асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хориглох зүйл

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараахь үйлдэл хийхийг хориглоно:

· асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийх;

· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх;

· асрамж, дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд уг хүнийг төлөөлөх;

· асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, мөнгөн хадгаламж, үнэт цаас, үнэт зүйлийг бэлэглэх, өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулах;

· сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоох.



Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох дараалал, журам

Гэр бүлийн тухай хуульд зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг дор дурдсан журмаар тогтооно. Үүнд:

· эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;

· асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх;

· харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх;

· сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт болон холбогдох байгууллагад шилжүүлэх журмаар тус тус тогтооно.


Асран хамгаалах, харгалзан дэмжигч тогтоох талаах Засаг дарга дараах эрх эдэлнэ.

Хуульд асран хамгаалах харгалзан дэмжигч хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан байна.


Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараах эрх эдэлнэ. Үүнд:

1. асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;

2. асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад, өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргах;

3. асрамж, дэмжлэгт байгаа хүн нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх;

4. хувийн хэрэгт асрамж, дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хийсэн гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргах;

5. асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж, биелэлтийг нь шалгах;

6. асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;

7. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагаанаас асрамж, дэмжлэгт байгаа хүний эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах зэрэг эрхийг эдлэнэ.


Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавих журам

· асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон баримт бичигтэй танилцах;

· асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдэлд байгаа эд хөрөнгийн данс бүртгэлийг гаргуулж, түүний бүрэн бүтэн байдал, асрамж, дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцлийг шалгах журмаар хяналт тавина.

Мөн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа байгууллага, иргэн нь сум, дүүргийн Засаг даргад гомдол гаргах, мэдээлэл өгөх эрхтэй.


Асран хамгаалагч, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох

Хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан, хүүхдийг үрчлүүлсэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн, хүүхэд насанд хүрсэн зэрэг тохиолдолд тухайн хүүхдийн өмнө хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болох ба асран хамгаалуулж байгаа хүүхэд 14 нас хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Хэрэв асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүүхдийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, шинээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж хуульд заажээ.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл утсаар холбогдох эсхүл биечлэн уулзах боломжтой. Бид асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох ажиллагааг төлөөлөн гүйцэтгэж болно.

73 views0 comments